Увс аймгийн Улаангом политехник коллежийн түүхэн хөгжил

Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургууль байгуулагдсан нь:

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын СнЗ-ийн 1971 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор Улаангом хотод хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургууль байгуулж, Мал аж ахуйн машинт станцын бариулан ашиглаж байгаад орхигдсон, Увс аймгийн Засварын  газрын мэдэлд байсан орон сууц, ахуйн үйлчилгээний зориулалтын 26 барилгыг шилжүүлэн өгчээ.

Увс аймгийн Монгол ардын хувьсгалт намын хорооны товчоо Сагил сум нэгдлийн даргаар ажиллаж байсан багш мэргэжилтэй Ц.Чулууныг сургуулийн захирлаар томилж, дээрх барилгуудыг хичээл, соёл хүмүүжил, сурагчдын дотуур байр, хоолны газрын зориулалтаар засварлаж бэлэн болгох үүрэг өгснөөр Увс аймгийн мэргэжлийн сургуулийн үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй.

 

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болсон нь:

1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн харилцаанаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж өөрчлөлт шинэчлэлийн давалгаанд олон арван байгууллага хувьчлагдан, татан буугдаж эхэлсэн билээ. Энэ үед ТМС-иудын элсэлт буурч, зарим нь анги танхимаа түрээсэлж, зарим нь үүд хаалгаа барьж эхэлснээр Монгол улсын 48 ТМС-ийн тал хувь нь үйл ажиллагаагаа зогсоож байлаа. Тэр үед ТМС-иар зах зээлд эрэлттэй мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэхийн тулд Ардын боловсролын сайдын 1991 оны 247 дугаар тушаалаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болгон өөрчлөн зохион байгуулав.

Тухайн үеийн удирдлага, багш нарын өмнө ХАА-н чиглэлийн багшлах боловсон хүчин, материаллаг баазтай сургуулийг зах зээлийн үеийн сургууль болгон өөрчлөх хэцүүхэн сорилт тулгарч, түүнийг давж сургуулиа хаахгүйгээр тэсэж үлдэх зорилго тавьж амжилттай хэрэгжүүлсэн байна.

Мал аж ахуйн мэргэжлийн багш Д.Баяраа өөрийн авъяас, чадварыг ашиглан дадлагын газрыг багш нарын хамт байгуулан, сургалтын төлөвлөгөөг боловсруулж зах зээлийн үед шаардлагатай анхны мэргэжил-мужааны ангийг нээж элсэлт авч хичээлүүлж эхэлсэн байна. Дараа нь мал аж ахуйн мэргэжлийн багш О.Уламбаяр оёдлын, Г.Жийжээ гар хивсчний, барилгын мэргэжлийн багш Р.Түвшинжаргал дарханы анги нээж, улмаар гуталчин, радио телевизийн засварчин, тогооч, барилгын өргөн мэргэжлийн ангиуд нээж элсэлт нэмэгдэн сургуулийн нэр хүнд өсөж ирсэн.

 

Улаангом коллеж болж өргөжсөн нь:

Улс орны хөгжил нь газар нутгийн том бага, хүний олон цөөн, арвин их алт эрдэнээс бус гагцхүү хүний хөгжлөөс л, иргэдийнх нь мэдлэг, ур чадвараас хамаардагийг шинэ зууны босгон дээр нийтээрээ хүлээн зөвшөөрөх хандлага бий болсон байлаа. Чухамхүү энэ үед манай хамт олон хөдөө орон нутгийг хөгжүүлэх инженер технологийн өндөр мэдлэг, чадвартай мэргэжилтэнгүүд орон нутагт бэлтгэх саналыг боловсруулж бэлтгэлээ ханган тухайн үеийн аймгийн удирдлага, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд тавьснаар БСШУ-ы сайдын 2001 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 162 дугаар тушаал гарч Улаангом коллеж болон өргөжиж бакалаврын түвшний мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн билээ.

УИХ-ын гишүүн Ч.Авдай, Ц.Нямдорж, БСШУ-ы дэд сайд Б.Эрдэнэсүрэн, аймгийн Засаг дарга Ц.Баатар нарын дэмжлэгээр 2000 оны 9 дүгээр сард хичээлийн байрыг улсын төсвийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулан, аймгийн Засаг дарга Л.Тогоо 2001 онд Засаг даргын нөөцөөс хөрөнгө гарган Хархираа зочид буудлын барилгыг худалдан өгч оюутны дотуур байртай болгосноор сургалтын орчин сайжирч, коллеж болоход ихээхэн дэмжлэг болсон билээ.


2001-2002 оны хичээлийн жилийн нээлтийн үеэр /Багш нар аймаг, сумын болон Боловсролын газрын удирдлагуудын хамт/

Бакалаврын түвшинд анх элсэлт авсан мэргэжлүүд:

  1. Оёдлын үйлдвэрлэлийн технологи
  2. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи
  3. Газар тариалангийн үйлдвэрлэлийн инженер, технологи

Улаангом коллеж болсноор сургуулийн нэр хүнд өсөж, элсэгчийн нэмэгдэн, 2009-2010 оны хичээлийн жилд түүхэндээ хамгийн олон буюу 1841 суралцагч суралцаж байв.

2006 оны 5 сарын 26-ны өдрийн Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн хурлаар магадлан итгэмжлэгдсэн.

 

Улаангом Политехник коллеж болсон нь:

Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор 2010 оны 01 дүгээр сарын  20-ны өдөр 15 тоот тогтоол гарган Үйлдвэрлэл, урлалын сургууль, Монгол-Солонгосын техникийн коллеж, “Улаангом” коллежийг 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болгон өөрчлөн зохион байгуулахаар заасан билээ. Энэхүү тогтоолын дагуу 2010-2011 оны хичээлийн жилээс бакалаврын түвшний сургалтаа зогсоож 2, 3-р дамжааны оюутнуудыг Шинжлэх ухаан технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль шилжүүлэв.

Бакалаврын түвшний сургалт явуулж байсан туршлага, багшлах боловсон хүчний нөөц, сургалтын орчиндоо түшиглэн техникийн гүйцэтгэх ажилтан бэлтгэх хүсэлтийг үндэслэн Мэргэжлийн боловсрол, сургалтын газрын даргын 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 19 дүгээр тушаалаар Улаангом Политехник коллеж болгосон.

2015-11-30 11:22:38

Түгээх